Сайн байна уу,

Монголын байт харвааны холбооны албан ёсны цахим хуудсанд зочлон буйд тань талархал илэрхийлье.

Хүн төрөлхтөний эв нэгдлийн илэрхийлэл Олимпийн төрөл болсон Байт харваа нь хүн төрөлхтөний хөгжлийн зонхилох үеүүдэд өөрийн онцлог үүргийг гүйцэтгэж ирсэн нум сумны орчин цагийн шалгарсан спорт юм.

Дэлхийн олон газар энэхүү спорт нь өөр өөрийн өвөрмөц төрхөөр хөгжиж, батлан хамгаалах, цэрэг дайн, байлдан дагуулалтын халуун гэрч болж байсан түүхтэй. Алдарт Чингисийн чулууны бичигт Монгол баатар эр Есүнгэ мэргэн 335 алд буюу 500 метр хол харван байгаа онож байсан цэц мэргэний түүх бол Монголчууд сур харваандаа хэр эрчтэй, уламжлалтай байсныг илтгэнэ.

Өдгөө Монгол орны хувьд уламжлалт үндэсний сурын харваа болон орчин үеийн спортын төрөл болох байт харваа амжилттай хөгжиж сонирхогч, тамирчдын дундаас олон арван алдартнууд төрөн гарсаар байна. Тухайлбал Монгол Улсын анхны Дэлхийн аварга, анхны Паралимпийн аварга төрөн гарсан нь Монголын бахархал юм.

2015 он бидний хувьд ихээхэн хариуцлагатай жил байх болно. Манай тамирчид 2016 оны Рео де Жанейрогийн Олимпийн наадамд оролцох эрх авах жил. Бид 2012 оны Олимп, Паралимпийн наадамд тус бүр 2 эрх авч амжилттай оролцсон бол 2016 оны Олимпийн наадамд эрэгтэй, эмэгтэй багаараа эрх авч оролцох, улмаар медалийн төлөө өрсөлдөх зорилт тавин бэлтгэл сургалтаа шургуу хийж байна.

Миний бие 2014 оноос Монголын Байт Харвааны Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд эх орондоо байт харвааны спортыг түгээн дэлгэрүүлж хөгжүүлэх, тамирчдын амжилтыг олон улс, тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх, улмаар байт харвааны спортын төрлөөр Олимпийн медальтан төрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэхдээ нийт баг хамт олон, Төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаад, дотоодын дэмжигчид Та бүхэнтэй нягт хамтран ажиллаж хамтдаа амжилтанд хүрэх болно.

Гүнээ хүндэтгэсэн,

МБХХ-ны Ерөнхийлөгч ПУНЦАГИЙН ЦАГААН