Монголын байт харвааны холбооны
2009 оны 4-р сарын  18-ны
өдрийн Их хурлаар батлав.

Шинэчлэсэн найрууллагыг
Монголын байт харвааны холбооны
2018 оны 11 дүгээр сарын 10-ны
өдрийн Их хурлаар батлав.

 МОНГОЛЫН БАЙТ ХАРВААНЫ ХОЛБООНЫ  ДҮРЭМ

 

Нэгдүгээр бүлэг. Ерөнхий зүйл

  1.  дүгээр зүйл. Нэр, хууль эрх зүй
    1. Монголын байт харвааны холбоо /цаашид холбоо гэх/ нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль, Дэлхийн байт харвааны холбооны дүрэм, Олимпийн харт болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журам,  нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын хэм хэмжээ болон энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага мөн.
    2. Холбооны албан ёсны нэр: Монголын Байт Харвааны Холбоо, товчлол нь  МБХХ
      Холбооны нэрийг англи хэл дээр:     Mongolian Archery Association / MAA / болно.
    3. Холбоо нь хуулийн этгээдийн эрхийг эдлэх бөгөөд үйл ажиллагаа, эрх ашгаа хуулиар хамгаалуулна. Холбоо нь ёс зүйн дүрэмтэй байна.
    4. Холбоо албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга тэмдэг, онцлох лого, сүлд дуу, тугтай байна.
  2. дугаар зүйл. Холбооны эрхэм зорилго
    1. Олимпизмын үзэл санааг эрхэмлэн эх орондоо байт харвааны спортыг хөгжүүлэх, сурталчилах, дэмжих, өндөр зэрэглэлтэй тамирчдыг бэлтгэн олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээн, Олимпийн (Паралимп, Залуучуудын, Мастеруудын) наадамд амжилттай оролцуулахад оршино.
  3. дугаар зүйл. Холбооны үндсэн зорилго
    1. Монгол оронд байт харвааны спортыг хөгжүүлэх, сурталчлах, материаллаг баазыг бэхжүүлэх;
    2. Байт харвааны тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээнүүд болон дотоодын бүх шатны уралдаан тэмцээнийг эх орондоо батлагдсан дүрмийн дагуу зохион байгуулах;
    3. Үндэсний шигшээ багийг байгуулж, тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдэд бэлтгэн амжилттай оролцуулах;
    4. Спортод ялгаварлан гадуурхах, хүчирхийлэл явуулах аливаа хэлбэрийг эсэргүүцэх, Олон улсын сэргээшийн эсрэг хуулийг мөрдөх;
    5. Холбооны дэргэд байгуулагдсан төвүүд болон орон нутаг дахь салбар холбоод, гишүүн клуб, спорт хороодыг  удирдлага арга зүйгээр ханган ажиллах.
  4. дүгээр зүйл. Холбооны эрх, үүрэг
    1. Байт харвааны спортыг хөгжүүлэх тухай холбооны хөгжлийн баримт бичгийг боловсруулан батлах, хэрэгжүүлэх;
    2. Дэлхийн байт харвааны холбоо (ДБХХ), Азийн байт харвааны холбоо (АБХХ), Монголын Үндэсний Олимпийн Хорооны (МҮОХ) гишүүний үүргийг биелүүлэх;
    3. Байт харвааны тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулах эрхийг авах, бүх шатны уралдаан тэмцээнийг зохион байгуулах;
    4. Гадаад орноос мэргэжилтэн урих, мөн гадаад оронд мэргэжилтэн ажиллуулах, олон улсын хурал, семинар, сургалт, тэмцээн, уралдаанд оролцох монголын баг, төлөөлөгчдийг сонгож, батлах, оролцуулах;
    5. Холбооны дэргэдэх зөвлөлүүдийн үйл ажиллагааг чиглүүлэх, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих;
    6. Үндэсний шигшээ багийг бүрдүүлах, шигшээ багийн гишүүдтэй гэрээ байгуулах, шигшээ багийн бэлтгэлийн болон тэмцээний төлөвлөгөө, төсвийг батлах;
    7. Байт харвааны спортын холбогдолтой бүхий л асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагуудтай харилцах;
    8. Байт харвааны спортын сургалтын стандарт, хөтөлбөрийг батлах, мөрдүүлэх;
    9. Холбооны тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, ахмадын эрхийг хамгаалах;
    10. Холбоо нь өөрийн үйл ажиллагааг албан ёсоор олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх.
  5. дугаар зүйл. Дүрмийн үйлчлэл
    1. Дүрмийн үйлчлэл нь Их хурлаас Их хуралд байх бөгөөд зөвхөн Их хурлаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж батлана.
  6. дугаар зүйл. Хууль эрх зүйн харъяалал
    1. Холбоо нь Монгол улсад үйл ажиллагаагаа явуулах ба холбооны удирдлагын төв байр нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байна.
      Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, ХУД, 15 дугаар хороо, Чингисийн Өргөн чөлөө, МҮОХ-ны байр, 107 тоот
      Шуудангийн хаяг: Чингисийн өргөн чөлөө, Олимпик Хаус, Улаанбаатар 14210 Монгол Улс,
      Утас: (+976) 70008786
      Факс: (+976 11) 343541
      Е-майл: mongolia.archery@gmail.com;
  7. дугаар зүйл. Холбооны гишүүнчлэл
    1. Монголын байт харвааны холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч, Монгол Улсын үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд хамтарч ажиллах байгууллага, иргэд сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаварлалгүйгээр тус холбооны үйл ажиллагаанд эвлэлдэн нэгдэж болно. Мөн Монгол Улсад хуулийн дагуу оршин сууж буй гадаадын иргэд, байгууллагууд холбооны гишүүн байж болно.
    2. Байт харвааны спортыг хөгжүүлэх сонирхолтой, МБХХ-ны дүрэм, журмыг хүлээн зөвшөөрсөн аймаг, дүүргийн бие даасан клубууд, байгууллага, хувь хүмүүс тус холбоонд гишүүнээр элсэж болно.
    3. МБХХ-нд гишүүнээр элсэхдээ доорхи материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:
    4. Хүсэлтээ илэрхийлсэн албан бичиг /өргөдөл/
    5. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан байх/
    6. Дүрэм /нотариатаар батлуулсан хуулбар/
    7. Холбооны татвар төлсөн баримт /Холбооны гишүүнчлэлийн татварын хэмжээг УЗ-ийн хурлаар тогтооно/
    8. Дээрхи бичиг баримтыг бүрдүүлсэний дараа Түр гишүүнээр бүртгэж, Удирдах зөвлөлийн хурлаар татгалзах асуудал гараагүй тохиолдолд хурлын шийдвэрийг үндэслэн батламжилна.
    9. Холбооны гишүүн байгууллагын багш-дасгалжуулагчид, тамирчид нь харъяаллын дагуу холбооны гишүүн байна.
  8. дугаар зүйл. Холбооны гишүүний эрх, үүрэг
    1. Холбооны гишүүний эрх
      1. Холбооны Их хуралд оролцох;
      2. Сонгох, сонгогдох;
      3. Холбооны баримт бичиг боловсруулахад оролцох, саналаа хэлэх, зөвлөх эрхтэй;
      4. Холбооноос зохион байгуулагдах уралдаан тэмцээн болон бусад арга хэмжээнд оролцох;
      5. Спортын цол, зэрэг авах;Холбооны бүхий л үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл, сургалт авах.
    2. Холбооны гишүүний үүрэг
      1. Дэлхийн Байт Харвааны Холбооны дүрэм, Дэлхийн сэргээшийн эсрэг дүрэм, Монголын байт харвааны холбооны дүрэм болон холбооны ёс зүйн, аюулгүй ажиллагааны дүрмүүдийг тус тус чандлан сахих;
      2. Холбооноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
      3. Холбооноос зохион байгуулах бүхий л арга хэмжээнд идэвхитэй оролцох;
      4. Холбооны гишүүнчлэлийн жилийн татвараа цаг хугацаанд нь төлж байх. /Татварыг тухайн оны эхний улиралд багтааж, Удирдах зөвлөлийн хурлаар тогтоосон хэмжээний дагуу төлсөн байх/;
      5. Байт харвааны спортыг сурталчлан дэлгэрүүлэх.
  9. дүгээр зүйл. Холбооны хөрөнгө, санхүү
    1. Холбоо нь өөрийгөө санхүүжүүлэх үндсэн дээр ажиллана.
    2. Холбооны өмч хөрөнгөнд түүний үл хөдлөх хөрөнгө болон бусад хөрөнгө, өмчлөлд буй оюуны зүйлс хамаарна.Холбооны санхүү нь гишүүнчлэлийн татвар, хэрэглэл материал ашигласны түрээсийн төлбөр, тэмцээнд оролцогчийн татвар, ажил үйлчилгээ, гишүүн, дэмжигчид болон гадаад дотоодын байгууллагуудын хандив, тусламж, бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
    3. Холбоо нь төгрөгийн болон валютын харилцах данстай байх ба гүйлгээ хийхдээ 1 дүгээр гарын үсгийг Ерөнхийлөгч, 2 дугаар гарын үсгийг Санхүүч зурна.
    4. ДБХХ, АБХХ, МҮОХ-нд гишүүнийхээ жилийн татварыг төлнө.
    5. Холбоо санхүүгийн тайлангаа харъяа дүүргийн татвар, санхүүгийн байгууллагад жилд 2 удаа хүргүүлэхээс гадна жилд нэг удаа Удирдах зөвлөлийн хуралд тайлагнана.
  10. дугаар зүйл. Холбоог татан буулгах
    1. Холбоо үйл ажиллагаа явуулах бололцоогүй болсон тохиолдолд Их хурлын шийдвэрээр татан буулгана. Татан буулгах эрх бүхий байгууллагын шийдвэр  гарсанаар холбоог татан буугдсанд тооцно.
  11. дүгээр зүйл. Холбооны тамга тэмдгийг ашиглах
    1. Холбооны тамга тэмдгийг Ерөнхийлөгчийн эзгүйд Ерөнхий Нарийн бичгийн дарга хариуцан хадгална. Тамгыг зөвхөн холбоонд хамааралтай үйл ажиллагаанд ашиглана.

Хоёрдугаар бүлэг. Холбооны удирдлага, бүтэц, зохион байгуулалт

  1.  дугаар зүйл. Холбооны бүтэц
    1. Холбоо нь дараах бүтэцтэй байна:
      1. Их хурал
      2. Ерөнхийлөгч
      3. Тэргүүн дэд Ерөнхийлөгч
      4. Дэд ерөнхийлөгчид
      5. Удирдах зөвлөл
      6. Хүндэт ерөнхийлөгчид
      7. Ерөнхий нарийн бичгийн дарга
      8. Хяналтын зөвлөл
      9. Дүрэм, ёс зүйн хороо
      10. Санхүүгийн алба
      11. Цол, зэргийн зөвлөл
      12. Дасгалжуулагчдын зөвлөл
      13. Шүүгчдийн зөвлөл
      14. Тамирчдын зөвлөл
      15. Мастеруудын зөвлөл
      16. Компаундын зөвлөл
      17. Пара байт харвааны зөвлөл
    2. Их хурал
      1. Холбооны удирдах дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал буюу Их хурал байна. Их хурлын чөлөөнд Удирдах зөвлөл үйл ажиллагааг удирдан явуулна.
      2. Их хурал нь ээлжит, ээлжит бус байна.
      3. Ээлжит Их хурал Удирдах Ээлжит Их хурал Удирдах зөвлөлийн гишүүдийн товлосноор 4 жилд нэг удаа хуралдана. Хурлын товыг 30 хоногийн өмнө зарлаж гишүүдэд мэдэгдэнэ.
      4. Ээлжит бус Их хурал нь онцгой шаардлагатай үед Ерөнхийлөгчийн санаачлагаар Удирдах зөвлөлөөр зөвшилцсөний үндсэн дээр хуралдана.
      5. Холбооны гишүүн байгуулагууд Их хуралд 3 хүртэлх таслах эрхтэй оролцоно. Хувь хүмүүс болон бусад гишүүд нь Их хуралд үг хэлэх эрхтэй, таслах эрхгүй оролцож болно. Бусад байгууллагын зочид төлөөлөгчид урилгаар оролцож, үг хэлж болно.
      6. Их хурал нь таслах эрхтэй гишүүдийн 51 хувь нь хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно.
      7. Их хурал нь дараахь бүрэн эрхийг эдэлнэ:
        Холбооны дүрмийг хэлэлцэж батлах, нэмэлт өөрчлөлт оруулах;
        Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх;
        Хяналтын зөвлөлийг сонгох, чөлөөлөх;
        Ерөнхийлөгчийн тайлан илтгэлийг хэлэлцэж, дараагийн 4 жилийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилтыг тодорхойлж батлах;
        Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэж дүгнэлт гаргах.
        Их хурал нь өөрөө хурлын дэгээ тогтооно.
        Их хурал нь шийдвэрээ бичгээр, тогтоол хэлбэрээр гаргана.
        Их хурал нь аливаа асуудлыг санал хураах хэлбэрээр зохион байгуулж шийдвэрлэх  ба хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хурааж шийдвэрлэнэ.
        Их хурлын төлөөлөгчдийн 2/3 саналаар МБХХ-ны дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулж батлана.
        Сонгуульд нэр дэвшигчид нь өөрийн намтар, мөрийн хөтөлбөрийг бичгээр гаргаж, хурлаас 14 хоногийн өмнө ажлын албанд өгсөн байна.
    3. Ерөнхийлөгч
      1. Ерөнхийлөгчийн бүрэн эрх дараагийн Их хурал хүртэл хадгалагдана.
      2. Ерөнхийлөгч дараах эрх, үүрэгтэй:
      3. Ерөнхийлөгч өөрийн багийг бүрдүүлж ажиллах /Удирдах зөвлөл, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид, Ерөнхий нарийн бичгийн дарга, санхүүч/;
      4. Ерөнхийлөгч Удирдах зөвлөлийн хурлын хооронд холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангаж ажиллах;
      5. Гадаад, дотоод харилцаанд Холбоог албан ёсоор төлөөлөх;
      6. Байт харвааны спортыг хөгжүүлэх, холбооны санхүү, материаллаг баазыг нэмэгдүүлэх, боловсон хүчинг бэлтгэх, тамирчдын амжилтыг ахиулах чиглэлээр гэрээ хэлцэл хийх;
      7. Их хуралд ажлаа тайлагнах;
      8. Онцгой шаардлагатай үед Ээлжит бус Их хурлыг хуралдуулах саналыг Удирдах зөвлөлийн хуралд оруулах;
      9. Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдах.
    4. Удирдах Зөвлөл
      1. Удирдах зөвлөлийн гишүүдийн тоонд хязгаар тогтоохгүй. Удирдах зөвлөлийн ажлын үндсэн хэлбэр нь ээлжит хурал байх бөгөөд ээлжит хурал нь жилд 2 удаа хуралдана. Цаг үеийн асуудлаар Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал  хуралдаж болно.
      2. Удирдах зөвлөл  дараах эрх, үүрэгтэй:
      3. Их хурлын товыг батлах;
      4. Тухайн жилийн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө, гадаад, дотоод арга хэмжээ, уралдаан тэмцээний төлөвлөгөөг хэлэлцэж батлах;
      5. Жилийн санхүүгийн тайлан, төсвийг хэлэлцэж батлах;
      6. Ёс зүйн дүрмийг батлах;
      7. Холбооны хөгжлийн бодлогын хүрээнд шаардлагатай зөвлөлүүдийг байгуулах; Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчдийн болон Хяналтын зөвлөлийн жилийн тайланг хэлэлцэж дүгнэлт гаргах;
      8. Дүрэм, ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрлэх;
      9. Хүндэт Ерөнхийлөгчийн асуудлыг шийдвэрлэж батламжлах;
      10. Холбооны дэргэдэх зөвлөлүүдийн бүрэлдэхүүнийг батлах, чөлөөлөх, нөхөн томилох;
      11. Холбоонд гишүүн элсүүлэх, батламжлах, чөлөөлөх;
      12. Гадаад орноос мэргэжилтэн урих, мөн гадаад оронд мэргэжилтэн ажиллуулах, олон улсын хурал, семинар, сургалт, тэмцээн, уралдаанд оролцох монголын баг, төлөөлөгчдийг сонгож, батлах, оролцуулах;
      13. Удирдах зөвлөлийн гишүүд дотоодод зохиогдох олон улсын чанартай тэмцээн, наадмыг зохион байгуулах хороонд орж ажиллах, гадаадад зохион байгуулагдах тэмцээн, наадамд багийн ахлагчаар оролцох, үр дүнг Удирдах зөвлөлийн хуралд тайлагнах;
      14. Холбооны үйл ажиллагааг сурталчилах, хүрээг өргөжүүлэх талаар идэвхитэй оролцох;
      15. Идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа Удирдах зөвлөлийн гишүүнийг урамшуулж олон улсын тэмцээнд явуулах;
      16. Төрийн одон медальд тодорхойлох, холбооны шагнал, урамшууллын асуудлыг батлаж, байгууллага, хүмүүст олгох;
      17. Удирдах зөвлөлийн гишүүд жилд нэг удаа Удирдах зөвлөлийн хурлаар тогтоосон хэмжээний татварыг холбоонд өгнө.
    5. Хүндэт ерөнхийлөгч
      1. Дараах нөхцөлийг хангасан тохиолдолд МБХХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжилнө:
        1. МБХХ-ны Ерөнхийлөгчөөр 8 буюу түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан;
        2. Монголын байт харвааны спортын хөгжилд онцгой гавъяа байгуулсан.
      2. Хүндэт ерөнхийлөгч нь Удирдах зөвлөлийн гишүүний нэгэн адил дүрэмд заасны дагуу холбооны үйл ажиллагаанд оролцож болно.
    6. Тэргүүн дэд ерөнхийлөгч
      1. Тэргүүн дэд ерөнхийлөгч дараах ажлуудыг хариуцна:
        1. Ерөнхийлөгчийн эзгүйд түр орлох;
        2. Гадаад, дотоод харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх;
        3. Холбооны хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжүүлэх;
        4. Холбооны санхүүг бүрдүүлэх олон талт үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.
    7. Дэд ерөнхийлөгчид
      1. Холбоо нь 3 Дэд ерөнхийлөгчидтэй байна.
      2. Дэд ерөнхийлөгчид нь дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулна:
        1. Өөрийн хариуцсан чиглэлээр материалаг баазыг бэхжүүлэх, санхүүг бүрдүүлэх, боловсон хүчинг бэлтгэх, тамирчдын амжилтыг ахиулах зэрэг үйл ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжүүлэх;
        2. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;
        3. Орон нутагт байт харвааны спортыг хөгжүүлэх, сонирхогчдын хүрээг өргөжүүлэх;
        4. Холбооны дэргэдэх байгууллагуудтай хамтран ажиллах.
    8. Ерөнхий нарийн бичгийн дарга
      1. Ерөнхий нарийн бичгийн даргын эрх, үүрэг
      2. Өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, салбар холбоод, холбооны гишүүн байгууллагуудыг бодлогын түвшинд чиглүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
      3. Холбооны ажлын албаны бүтэц, зохин байгуулалт, ажлын байрны тодорхойлолтыг гаргаж, хүний нөөцийн асуудлаар Ерөнхийлөгчид санал оруулах;
      4. Холбооны жилийн ажлын төлөвлөгөө болон гадаад, дотоод уралдаан тэмцээний хуваарийг  боловсруулж Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, батлуулах;
        1. Холбооны дүрэм, журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах;
        2. Холбоонд гишүүн элсүүлэх, гишүүнээс чөлөөлөх асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх;
        3. Холбооны дэргэдэх шигшээ багуудын бэлтгэлийн төлөвлөгөө, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
        4. Монголын байт харвааны холбооны баримт бичиг, түүхэн холбогдолтой материалуудыг архивлах.
    9. Хяналтын зөвлөл
      1. Хяналтын зөвлөл нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байх ба Их хурлаар сонгогдоно.
      2. Хяналтын зөвлөл нь дараах чиг үүрэгтэй ажиллана:
        1. Холбооны санхүү-өмч хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллана.
        2. Жилд 1 удаа холбооны санхүүгийн үйл ажиллагаа, өмч хөрөнгийн ашиглалтанд хяналт шалгалт хийж, дүгнэлт гарган Удирдах зөвлөлийн хуралд танилцуулна.
        3. 4 жилийн нэгдсэн тайланг Их хуралд тайлагнана.
        4. Өөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг боловсруулан Удирдах зөвлөлийн хурлаар батлуулж, ажиллана.
    10. Санхүүгийн алба
      1. Санхүүгийн алба нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байх ба хөрөнгө, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна:
        1. Холбооны өдөр тутмын үйл ажиллагаа, түүнтэй холбоотой санхүүгийн асуудлыг зохион байгуулах;
        2. Холбооны жилийн төсвийн төслийг Удирдах зөвлөлийн хурлаар оруулж, батлуулах.
        3. Холбооны эд хөрөнгө, түүний ашиглалтын бүртгэлийг хөтлөх;
        4. Холбооны эд хөрөнгө, санхүү, хэрэглэл материалтай холбоотой журам боловсруулан Удирдах зөвлөлийн хурлаар батлуулж, мөрдөх
        5. Холбооны гишүүнчлэлийн татварын болон хэрэглэл материалын түрээстэй холбоотой асуудлыг хариуцах;
        6. Холбооны аппаратын ажилчид, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн асуудлаар Ерөнхийлөгчид санал гаргах;
        7. Жилд 2 удаа холбооны санхүүгийн тайланг харъяа дүүргийн татвар, санхүүгийн байгууллагад гаргаж Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн хуралд танилцуулж байх;
        8. Жилдээ 1 удаа Хяналтын зөвлөлд санхүүгийн тайланг хүргүүлж, дүгнэлт гаргуулан Удирдах зөвлөлийн хурлаар танилцуулах;
        9. Санхүүгийн алба нь өөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг боловсруулан Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, мөрдөх.
    11. Дүрэм, ёс зүйн хороо
      1. Дүрэм, ёс зүйн хороо нь 5 гишүүнтэй байна.
      2. Хорооны гишүүдийг нийт гишүүдийн санал асуулгаар сонгоно.
      3. Хорооноос даргыг сонгож, Удирдах зөвлөлөөр батламжлана.
      4. Дүрэм, ёс зүйн хороо нь дараах эрх, үүрэгтэй:
        1. “Монголын байт харвааны холбооны Ёс зүйн дүрэм”-ийг боловсруулан Удирдах зөвлөлийн хурлаар батлуулж, мөрдүүлэх;
        2. Холбооны үйл ажиллагаатай холбоотойгоор гарах дүрэм, журмыг боловсруулж, Удирдах зөвлөлөөр батлуулах;
        3. Зөвлөл нь холбооны ёс зүйн дүрмийг удирдлага болгон холбооны гишүүд, дасгалжуулагч, тамирчид, шүүгчдийн сахилга бат, ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргана. Дүгнэлтийг үндэслэн Удирдах зөвлөл тогтоол гаргана.
    12. Цол, зэргийн зөвлөл
      1. Цол, зэргийн зөвлөл нь 3 гишүүнтэй байх ба дараах үйл ажиллагааг хариуцна:
        1. Байт харвааны спортын цол, зэргийн ангилал, нормативыг тогтоож, Улсын цол, зэргийн комиссоор хэлэлцүүлж, батлуулах;
        2. Цол, зэргийн болзлыг хангасан тамирчид, шүүгчдийн асуудлаар хуралдаж, хурлын шийдвэр бүхий холбогдох материалыг Улсын Цол зэргийн комисст хүргүүлэх;
        3. Байт харвааны спортын цол, зэрэгтэй тамирчид, шүүгчдийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх.
    13. Дасгалжуулагчдын зөвлөл
      1. Дасгалжуулагчдын зөвлөл нь холбооны бүх гишүүн байгууллагуудын дасгалжуулагчдаас бүрдэнэ.
      2. Зөвлөлөөс даргыг сонгож, Удирдах зөвлөлөөр батламжилна.
      3. Дасгалжуулагчдын зөвлөл нь дараах эрх, үүрэгтэй:
        1. Холбооны гишүүн клуб, спорт хороодын тухайн жилийн бэлтгэл сургалтын төлөвлөгөөг боловсруулан Ерөнхий нарийн бичгийн даргад танилцуулж,  батлуулах;
        2. Байт харвааны харвалтын нэгдсэн стандартыг боловсруулан батлаж, мөрдөн ажиллуулах;
        3. Орчин үеийн сургалт дасгалжуулалтын ололт амжилтыг судалж, суралцаж, бэлтгэл сургалтандаа нэвтрүүлэх;
        4. Байт харваачдын онцлогт тохирох хоол, хүнсний хэрэглээ, эм, витаминжуулах  асуудлаар  сургалт, семинаруудыг  зохион байгуулах;
        5. Байт харвааны дасгалжуулагчдыг бэлтгэх, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх чиглэлээр  сургалт, семинар зохион байгуулах,
        6. Байт харвааны дасгалжуулалтын гарын авлага, сургалтын материалыг боловсруулах.
    14. Шүүгчдийн зөвлөл
      1. Шүүгчдийн зөвлөл нь 5 гишүүнтэй байна.
      2. Зөвлөлөөс даргыг сонгож, Удирдах зөвлөлөөр батламжилна.
      3. Шүүгчдийн зөвлөл нь дараах эрх, үүрэгтэй:
        1. Байт харвааны шүүгч нарын сургалт, семинар зохион байгуулах;
        2. Холбооны цол, зэргийн зөвлөлд шүүгчдийн цол зэргийн асуудлаар санал оруулах;
        3. Шүүгчдийг олон улсын сургалт, семинарт хамруулж улмаар Олон улсын болон  тивийн  шүүгч бэлтгэх;
        4. Дэлхийн байт харвааны холбооны тэмцээний дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтүүдийг цаг тухай бүрт нь танилцуулах, мэдээлэх ажлыг зохион байгуулах;
        5. Холбооноос баталсан хуваарийн дагуу зохиогдох тэмцээнүүдэд шүүгчдийг томилж, шүүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
        6. Тэмцээний талбайг бэлтгэх үйл явцад болон тэмцээний үеийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих.
    15.  Тамирчдын зөвлөл
      1. Тамирчдын зөвлөл нь холбооны бүх гишүүн байгууллагууд тус бүрээс сонгогдсон багийн ахлагчдаас бүрдэнэ.
      2. Зөвлөлөөс даргыг сонгож, Удирдах зөвлөлөөр батламжлана.
      3. Тамирчдын зөвлөл нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна:
        1. Холбооноос зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагаанд баг тамирчдыг идэвхтэй оролцуулах;
        2. Тамирчдын дунд спортын ур чадвараа дээшлүүлэх болон соёл, хүмүүжил, боловсролын чиглэлээр сургалт, ажлуудыг зохион байгуулах;
        3. Тамирчдад холбооны аюулгүй ажиллагааны дүрэм болон сахилга бат, ёс зүйн дүрмийг таниулах, мөрдүүлэх.
        4. Холбооны дэргэдэх зөвлөлүүдтэй хамтран ажиллах.
    16. Мастеруудын зөвлөл
      1. Мастеруудын зөвлөл нь  5 гишүүнтэй байх бөгөөд даргыг зөвлөлөөс сонгож, Удирдах зөвлөлөөр батламжилна.
      2. Зөвлөл нь 35-аас дээш насны тамирчид болон дасгалжуулагчид, шүүгчид, зүтгэлтнүүдийг эгнээндээ нэгтгэн зохион байгуулж, дараах үйл ажиллагааны чиглэлээр ажиллана:
        1. Мастер харваачдын дунд уралдаан, тэмцээн, нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ, ажлыг зохион байгуулах;
        2. Тив, дэлхийн Мастеруудын аварга шалгаруулах тэмцээн, наадамд тамирчдыг бэлтгэн амжилттай оролцуулах;
        3. Ахмад тамирчид, зүтгэлтэнүүдийн нийгмийн асуудлаар санал санаачлага гарган ажиллах;
        4. Залуу тамирчдыг халамжлан хүмүүжүүлэх, тэднийг ёс зүйтэй, спортын өндөр ур чадвартай болгоход мэдлэг, туршлага, арга зүйн зөвлөлгөө өгөх;
        5. Холбооны аливаа үйл ажиллагаа, арга хэмжээнд идэвхтэй оролцох.
    17. Компаундын зөвлөл
      1. Компаундын зөвлөл нь компаундын төрлийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилгоор байгуулагдсан.
      2. Зөвлөл нь 5 гишүүнтэй байх бөгөөд даргыг зөвлөлөөс сонгож, Удирдах зөвлөлөөр батламжилна.
      3. Зөвлөл нь дараах эрх, үүрэгтэй:
        1. Компаундын төрлийг эх орондоо хөгжүүлэх, хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, материалаг баазыг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх;
        2. Компаундын төрлөөр хичээллэгсдийн ур чадварыг нэмэгдүүлэх, тив, дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцуулах;
        3. Клуб, спорт хороодын багш, дасгалжуулагчдад зориулсан “Компаундын эхлэн сурагчдад заах аргачлал”-ыг боловсруулан сургалт зохион байгуулах, гарын авлагаар хангах;
        4. Компаундын дасгалжуулагчдын мэдлэг боловсрол, ур чадварыг байнга дээшлүүлэх.
    18. Парагийн зөвлөл
      1. Пара байт харвааны зөвлөл нь пара байт харвааны төрлийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилгоор байгуулагдсан.
      2. Пара байт харвааны зөвлөл нь 5 гишүүнтэй байх ба дараах эрх, үүрэгтэй:
      3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг байт харвааны спортоор хичээллэх боломжоор хангах, төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэх;
      4. Пара байт харвааны тамирчдын амжилтыг ахиулах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх;
      5. Пара байт харвааны төрөл өндөр хөгжсөн улс, орнуудын туршлагыг судлан пара тамирчдын онцлогт тохируулан харвалтын техникийг, заах аргачлалыг боловсруулан сургалт зохион байгуулах;
      6. Пара тамирчдыг тив, дэлхий чанартай тэмцээнүүдэд болон Паралимпийн наадамд бэлтгэн амжилттай оролцуулах.
    19. Холбооны удирдлага, ажиллагсдыг ажлаас чөлөөлөх үндэслэл
      1. Холбооны эрх ашигт ноцтой хохирол учруулсан, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, албан тушаалаа хэтрүүлэн болон урвуулан ашигласан;
      2. Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, ял шийтгүүлсэн;
      3. Эмнэлгийн байгууллага, мэргэжлийн эмчийн дүгнэлтээр эрүүл мэндийн хувьд албан үүргээ гүйцэтгэх чадваргүй нь тогтоогдсон;
      4. Өөрөө сайн дураар огцрох хүсэлтээ бичгээр гаргасан тохиолдолд Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр албан үүргээс нь чөлөөлнө.
      5. Хувийн болон бусад шалтгаанаар Их хурлын хугацаанд холбооны алив үйл ажиллагаанд оролцоогүй Удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх бөгөөд дахин хүсэлт гаргах эрх нь нээлттэй.