Монголын байт харвааны үндэсний шигшээ баг Японы байт харвааны тамирчидтай 18 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр Япон улсыг энэ сарын 19-ний өдөр зорьсон билээ. Манай баг тамирчдыг өчигдөр Японы Оказаки хотын дарга Ү.Ясүхиро тэргүүтэй захиргааныхан хүлээн авч уулзаж, цаашдын бэлтгэл сургуулилт, тэмцээнүүдэд нь амжилт хүслээ.

Монгол, японы байт харвааны тамирчдын хамтарсан анхны бэлтгэл өнөөдөр эхэлж байгаа юм. Тамирчид хамтарсан бэлтгэлээ дуусгаад үргэлжлүүлэн Тайланд улсад бэлтгэл хийж, ирэх сарын 24-31-нд болох Азийн цомын төлөөх тэмцээнд оролцох юм. Азын цомын тэмцээн нь дөрвөн цувралтай байдаг бөгөөд манай баг тамирчид эхний тэмцээндээ оролцоно.

Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан өнгөрсөн онд Японы Оказаки хотын дарга Ү.Ясүхорид байт харвааны тамирчдаа тус улсад бэлтгэл хийлгэх хүсэлт тавьж, хоёр тал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Манай тамирчид 2020 оны Токиогийн олимпийн өмнө тус улсад гурван удаа хамтарсан бэлтгэл хийх бөгөөд анхны хамтарсан бэлтгэл ийнхүү эхэлж байна.

Багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч, ахлах дасгалжуулагч Ю.Ганзориг, туслах дасгалжуулагч Г.Жамъянгомбо, Үндэсний шигшээ багийн тамирчин /эрэгтэй/ ОУХМ Ж.Гантөгс, Б.Адъяасүрэн, Б.Отгонболд, Спортын мастер Б.Пүрэвсүрэн, Ө.Тэнгисболд, Ө.Нэхийт, /эмэгтэй/ ОУХМ Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Спортын мастер Б.Мишээлт, Спортын дэд мастер Б.Уянга нар багтаж байгаа юм.

Монгол, Японы байтын тамирчдын хамтарсан бэлтгэл эхэллээ

Хариулт үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment