Уулын спортын ОУХМ, Спортын Гавьяат багш Р.Зориг 1960 онд МБТСЭ-ийн ТЗ-ийн Спорт хариуцсан орлогч даргаар ажиллаж байхдаа БНХАУ-д байт харвааны дасгалжуулагчаар ажиллаж байгаад нутаг буцаж явсан Чехословакийн мэргэжилтэн Шимек Антонинтой уулзаж өөрийн оронд байт харвааны спортыг хөгжүүлэх талаар санал тавьсан байна. Тэр үед АУДэС-ийн оюутан асан Б.Цэрэн чех хэл мэддэг байсан бөгөөд түүгээр хэлмэрчлүүлэн Шимек Антониныг Монголд 3 сар ажиллуулах зөвшөөрлийг авснаар байт харвааны спортыг өөрийн оронд хөгжүүлэх эхлэлийг тавьсан юм.

Үүний дараа МАХН-ым Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 25/19 дүгээр тогтоолд “…чөлөөт барилдаан, байт харвааг хөгжүүлэх…” гэж заажээ. Энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор МБТСЭ-ийн Төв зөвлөлийн урилгаар Чехославак улсын Гавьяат дасгалжуулагч Шимек Антонин тохиролцсон ёсоороо ирж 1960 оны 7 дугаар сараас 45 хоногийн хугацаагаар анхны бүлгэм хичээллүүлснээр манай оронд байт харвааны спорт хөгжиж эхэлсэн түүхтэй билээ.

Анхны энэ бүлгэмд Г.Бямбаа, Г.Лхасүрэн, Л.Дэмбэрэл, Г.Дуламсүрэн, Б.Цэрэн нарын зэрэг 10 гаруй хүн суралцаж монгол үндэсний нум сумаар харваж байсан байна.

Чехословак улсаас 1960 оны 10-р сард цөөн тооны модон нум сум ирүүлснээр Улсын багшийн дээд сургууль, Хоршоолол, Алдар нийгэмлэгт анхны бүлгэмүүд хичээллэж дээрхи хүмүүс багшилж байжээ.

Анх Чех хэлний орчуулагчаар ажиллаж эхэлсэн АУДэС-ийн оюутан Бирваагийн Цэрэн өөрөө байт харвааны спортоор хичээллээд зогсохгүй Төв секц буюу шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан байна.
1961 онд МБАТ-ний Анхдугаар Спартакиадаар 20 тамирчин оролцож 40, 30, 20 метрийн зайд 122 сантиметрийн диаметртэй байнд зай тус бүрт 30 сум харважээ. Энэ тэмцээнд Соёл нийгэмлэгийн тамирчин Арсэдийн Жавзмаа, Алдар нийгэмлэгийн тамирчин Жамбалжавын Мөнх-Очир нар түрүүлж Спартакиадын аварга болжээ.

1961 онд Чехословак улсад 40 хоногийн хугацаагаар хамтарсан бэлтгэл хийж, олон улсын уулзалт тэмцээнд оролцсон нь манай тамирчдын хилийн чанадад оролцох гадаад арга хэмжээнүүдийн эхлэл нь болсон юм.
Хамтарсан бэлтгэл, уулзалт тэмцээнд багийн ахлагч, дасгалжуулагчаар Бирваагийн Цэрэн, тамирчнаар Галсангийн Бямбаа, Жамбалжавын Мөнх-Очир, Лувсандугарын Жамьянсүрэн, Лувсанжамцын Дэмбэрэл, Батсүхийн Рэнцэнханд, Арсэдийн Жавзмаа, Сэвжидийн Сэлэнгэ нар оролцож олон улсын тэмцээний дүрэм, зохион байгуулалттай танилцаж сургалт дасгалжуулалтын арга барилаас их зүйлийг сурч мэдсэн байна.

Манай улсын байт харвааны зөвлөх дасгалжуулагчаар 1965-1967 онд М.Бартол /Чехословак/, 1978-1980 онд А.Б.Бутхаев /ЗХУ/, 1987-1988 онд А.С.Тихонский /ЗХУ/ нар ажиллаж тамирчдын харвалтын ур чадвар, амжилтыг ахиулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Тус холбооны хүсэлтээр Олон улсын болон Азийн байт харвааны томилолтоор БНСУ-ын шилдэг дасгалжуулагч, тамирчид болох Ки Сик Ли, Ким Хун Так /2 удаа/, Ян Чан Хун, Хан Сён Хун нар ирж монголын дасгалжуулагч, тамирчдад орчин үеийн байт харвааны сургалт дасгалжуулалтын талаар сургалт семинарыг зохион байгуулав. Мөн ажиллаж манай баг тамирчдын бэлтгэл сургалтанд үнэтэй зөвлөлгөө өгч байлаа.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment