Монголын байт харвааны спортоор гурван үеэрээ хичээллэж, энэ спортыг хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нэгэн сайхан гэр бүлийг онцолж, гэр бүлийн хамгийн ахмад тамирчинтай нь ярилцлаа. Ийнхүү өдгөө 90 настай эмч мэргэжилтэй, байтын тамирчин Ж.Цэрэндуламтай ярилцсанаа хүргэе. Түүнийг Монголд хүүхдийн мэс заслыг үндэслэсэн гэдэг юм билээ. Түүнтэй ярилцахад үнэхээр бахархахгүй байхын аргагүй санагдаж байсан гэдгийг онцолъё.

-Сайн байна уу, Та. Сайхан хаваржиж байна уу?

-Сайхан хаваржиж байна аа.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Жамьянгийн Цэрэндулам гэдэг. Дорнод аймгийн харьяат. Эмч мэргэжилтэй. Одоогийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдийн мэс заслын эмчээр ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан.

-Та эмч мэргэжилтэй атлаа яагаад байт харвааны спорттой холбогдчихов оо.  Таны хобби байв уу?

-Би 1960 оноос эхлэн өөрийн хоббигоороо харвадаг байлаа. Анх 1976 онд бүх нийтийн улс ын спартакиадад оролцох шаардлага гарсан учраас орсон. Маш амжилттай оролцсон. Түүнээс хойш улам л дурлаж, хорхойсох болсон. Хань маань энэ спортоор хичээллэдэг, улсын шүүгч хийдэг байсан. Сүүлд холбооны дэд даргаар хүртэл ажиллаж байсан. Гэр бүлийн хүн маань байтын спортод дуртай, бүр хайртай байсан болохоор өөрийн эрхгүй дагаад л орчихсон байсан. Сайхан спорт шүү.

-Эмчийн ажил цаг наргүй шүү дээ. Тухайн үед ажил, спортын бэлтгэл хоёроо хэрхэн зохицуулж байв?

-Хөөрхий дөө. Тухайн үед нум сум нь ч олдохгүй хэцүү үе байсан. Одоогийнх шиг юм элбэг байсангүй шүү дээ. Гэхдээ манай эмнэлэг Хоршоолол нийгэмлэгийн харьяа байсан учраас өдөртөө ажлаа хийгээд, орой нь ажлаа тараад нийгэмлэгийнхээ зааланд хэдэн сум тавьдаг байлаа. Сүүлд Бага цэнгэлдэх гэж бий болсон. Зундаа Бага цэнгэлдэхийн баруун урд үзүүрт байт харвааны талбайд бэлтгэлээ хийдэг болсон.  Ширгэн аравчтай, тэгээд байтай жижигхэн хөөрхөн талбай байсан. Түүнээс хойш Голын цэнгэлдэх гэж Дунд голын тэнд харвадаг болсон. Харин олон улсын тэмцээн зохиовол Төв стадионд болдог байсан.

-Танай гэр бүлийг гурван үеэрээ байт харвааны спорттой холбогдсон хүмүүс гэдэг юм билээ. Хань тань харвадаг байсан талаар ярилаа. Одоо харваж байгаа хүн байна уу?

-Тийм ээ. Одоо ч байна. Хань бид хоёрын араас хоёр охин маань харваж эхэлсэн. Одоо мастерууд болсон байна. Мөн ач хүү маань одоо үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Одоо бидний үргэлжлэл болсон хүүхдүүдээ хараад бахархаж суудаг юм шүү дээ, эмээ нь.

Ж.Цэрэндулам төрсөн охинтойгоо

 -Байт харваагаар хичээллэж байх үеийнхээ хөгжилтэй бас сургамжтай зүйлээсээ хуваалцаач. Залууст сонирхолтой байж магад?

-Зөндөө л зүйл болж байсан. Одоо ч мартах шахжээ. Юутай ч маш сайхан спорт. Хүнд хүмүүжил, хатуужил, цагаа зөв зохистой өнгөрөөхийг зааж сургадаг сайхан спорт. Бүр олон хүн, ялангуяа хүүхэд, залуус хичээллээсэй л гэж хүсдэг.

-Та өөрийнхөө амжилтаас хуваалцахгүй юу?

-АНУ-д болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Францад болсон олон улсын тэмцээнд оролцож байсан. Тухайн үед социалист орнууд гэж байсан. Тэдний Унгар, Польш, ОХУ-д тэмцээнүүдэд орж байсан. Мөн Солонгос руу тэмцээнээр явж байлаа. Гаргасан амжилт, оныг нь одоо тодорхой санахгүй байна. Тэр үед 1000 оноо, 1100 оноо харвасан хүнд тусгай тэмдэг өгдөг байсан. Тэр тэмдэг надад байгаа. Одоо шагнал урамшууллаа харах сайхан байдаг шүү. Залуу насны минь сайхан дурсамж энэ спорттой, хамт олонтой минь зайлшгүй холбогдоно.

-Таныг одоо ч Монголын байт харвааны холбооныхонтой байнга холбоотой байдаг гэж дуулсан?

-Тэгэлгүй яах вэ. Цагаан сарын өмнө ахмадуудаа хүлээн авдаг. Намайг байнга урьдаг. Очиж тэдэнтэйгээ нэг өдрийг сайхан өнгөрүүлнэ. “Байт харвааны 360 талбайн бүтээн байгуулалтын үеэр хүүхдүүдтэйгээ нийлж хоол  цай хийж аваачиж өгөөд, залуусаа дэмжсэн. Манай залуус хамтраад юм хийж бүтээж чадаж байна. Сайн байна гэж магтмаар байна. Бахархах сэтгэл төрсөн. Талбайн нээлтэд нь уригдаж очсон. Сайхан талбайтай болсонд нь баяртай байгаа. Манай байт харвааны холбоо сүүлийн үед маш сайн ажиллаж байгаа.

М.Уянга

mminfo.mn

Хариулт үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment